Бидний тухай

Улсын албан татварын ерөнхий газрын даргын 1993 оны 9-р сарын 24-ний өдрийн 52-р тушаалаар Улсын татварын ерөнхий газарт Сургалтын төв байгуулж, захирлаар нь Д. Цэдэнпилийг томилжээ. Сургалтын төв нь 1993 оны 11-р сарын 18-ны өдөр анхны сургалтаа эхэлж, түүнд татварын улсын байцаагч 24 хамрагдаж байжээ. Улсын албан татварын ерөнхий газрын даргын 1994 оны 1-р сарын 17-ны өдрийн 12-р тушаалаар Я.Мишиглүндэнг Дотоод хяналт, боловсон хүчний хэлтсийн даргаар томилж, 1994 оны 6-р сарын 23-ны өдрийн 63-р тушаалаар Сургалтын  төвийг 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Дотоод хяналт, боловсон хүчний хэлтэст харьяалуулсанаар Төвийн захирлын үүргийг 1997 оныг хүртэл хавсран гүйцэтгэж байсан байна. 

Улсын албан татварын ерөнхий газрын даргын тушаалаар 1994 оны 12-р сарын 16-ны өдөр Дотоод хяналт, боловсон хүчний хэлтсийг Тамгын хэлтэс болгон өөрчилсөн ба ийнхүү сургалтын төв нь хүний нөөцийн асуудал хариуцсан хэлтсийн ажил үүрэгт багтан үйл ажиллагаа явуулж байгаад Улсын албан татварын ерөнхий газрын даргын 1996 оны 12-р сарын 25-ны өдрийн 144-р тушаалаар 1997 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн “Сургалт, мэдээллийн төв” нэртэйгээр бие даалган зохион байгуулж, захирлаар нь Б.Норжинлхам /1997-2001 он/-ыг томилсон байна. 1997 оноос хойш “Сургалт, мэдээллийн төв” нь “Сургалт, үйлчилгээний төв”, “Сургалт, судалгааны төв” нэрээр үйл ажиллагаа явуулж 2011 оноос “Сургалтын төв” нэрээр зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж иржээ. 2001-2005 онд Я.Пүрвээ, 2005-2011 он хүртэл Я.Мишиглүндэн, 2011-2016 он хүртэл Д.Жавзансүрэн, 2016 оны 10-р сарын 1-ний өдрөөс Б.Бадамцэцэг томилогдон ажиллаж байна.

 Сургалтын төв нь 1993-2011 онуудад татварын албад /төв, орон нутаг/-д танхимын сургалтыг зохион байгуулан явуулж ирсэн байна. 2011 оноос сургалтын цахим системийг нэвтрүүлэн ажиллаж эхлэсэн ба танхимын болон цахим сургалтыг хослуулан зохион байгуулан ажилласны чацуу 2016 онд цахим мэргэшүүлэх сургалтад 31 татварын албаны 2864 /давхардсан/ татварын улсын байцаагч, танхимын мэргэшүүлэх сургалтад 21 албаны 902 татварын улсын байцаагч, хариуцсан ажил үүргийг чиглүүлэх сургалтад 284 ажилтан, татварын улсын байцаачгийн эрх олгох цахим болон танхимын сургалтад 43 ажилтныг хамруулсан байна. 

  Тус нэгж нь 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс дараах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

Татварын албаны ажилтан, албан хаагчдын сургалтын бодлогын тогтолцоо, хөтөлбөрийг татварын албаны чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагаатай уялдуулан шинэчлэн боловсруулах, сургалтын орчинг бүрдүүлэн хөгжүүлэх, орчин үеийн сургалтын заах арга зүй, технологи нэвтрүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, номын сангийн номын баяжилтыг хийх, цахим номын сангийн үйл ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна.

Мөн сургалтын нэгжийн багш нарын хичээл заах арга зүй, онолын болон практикийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ үүгээрээ дамжуулан татварын албаны ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг дээшлүүлэх танхимын болон цахим сургалтыг тасралтгүй зохион байгуулах, мэргэжлийн олимпиад, мэтгэлцээн уралдаан, онол практикийн бага хурлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

Сургалтын төв нь дээрхи чиг үүргийг хүрээнд дараахь зорилтуудад гол зорилгоо чиглүүлэн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Зорилт 1: Татварын албаны сургалтын төрөл, хэлбэрийн тогтолцоог шинэчлэн боловсруулж, бүх шатны сургалтыг хөгжүүлэх

       Энэ ажлын хүрээнд 2017 он гарсаар “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг /2017-2020 оны дунд хугацааны/ боловсруулан, батлуулж мөрдөн ажиллаж байна.

Зорилт 2: Татварын албаны хэмжээнд манлайлал, заах арга зүйг хөгжүүлэх

Сургалтын төвийн багш нар Монгол Улсын их сургуулиас зохион байгуулан явуулдаг  “Насанд хүрэгчдэд сургалт явуулах арга барил, заах арга зүйг хөгжүүлэх” багшлах эрх авах сургалтад хамрагдан багшлах эрхийн шалгалт өгч “Багшлах эрхийн” гэрчилгээ авсан байна.

Зорилт 3: Татварын албаны сургалтын бааз суурийг өргөжүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын төвийг хөгжүүлэх 

Цахим сургалтын системийг шинэчлэн өөрчилж бодлогын даалгавар боловсруулан мэргэжлийн байгууллагаар хийлгэн ашиглалтад ороход бэлэн болоод байна.   

Мөн хуулийн мэдлэг шалгах тестийн аппликейшн шинэчлэн гаргаж, цахим системд байршуулан оруулсан. 

Татварын албаны цахим номын сангийн системтэй болох бэлтгэл ажил хийгдсэн болно.  


СУРГАЛТЫН ТӨВ