Сургалт хөгжлийн хөтөлбөр

МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНЫ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН

СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН  ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго

Төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, албан хаагчийг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон цахим сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлж, татварын албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд  татварын албаны хүний нөөцийн бодлогыг хөгжүүлэн, зохион байгуулах сургалтын төрөл, хэлбэрийг шинэчлэх, өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх  үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.

Хоёр. Хөтөлбөрийн шаардлага, үндэслэл, бүтэц

2.1. Хөтөлбөрийн шаардлага

Дэлхий нийтээр даяарчлагдан, технологийн хөгжил шинэчлэгдэн хувьсаж,  бизнесийн чиг хандлага өргөжиж  байгаа нь Монголын татварын албаны, хуулиар хүлээсэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний нөөцийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх, албан хаагчийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, хувь хүний хөгжлийг хангах сургалтыг зохион байгуулах шаардлага гарч байна.


2.2. Хөтөлбөрийн үндэслэл

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах хэсгийн 33.6.1 дэх заалт, Сангийн сайдын 2016 оны 301 тоот тушаалаар баталсан «ТЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр» зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэл болгов.


2.3. Хөтөлбөрийн бүтэц


Хөтөлбөр нь үндсэн 4 бүлэг зорилт, хавсралтаас бүрдэх ба тус баримт бичигт хөтөлбөрийн зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хөтөлбөрийн зорилт, хамрах хүрээ, хугацаа, шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хөтөлбөрийн санхүүжилт зэрэг асуудлыг тусгасан болно. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн зорилт, төсвийн ерөнхий менежерийн тухайн төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэрэгжүүлэх хөтөлбөр, түүний хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтүүдтэй нийцүүлсэн.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим


Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

3.1 Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлах;

3.2 Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлах;

3.3 Үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх; 

3.4 Хөтөлбөрийн гүйцэтгэлд хяналт тавих боломжтой, гүйцэтгэлийн үр дүнг үнэлж, дүгнэх хариуцлагын тогтолцоотой байх;

3.5 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.


Дөрөв. Хөтөлбөрийн зорилт, хамрах хүрээ, хугацаа


4.1. Хөтөлбөрийг дараах зорилт, үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ. Үүнд:


4.1.1. Татварын албаны сургалтын төрөл, хэлбэрийн тогтолцоог шинэчлэн боловсруулж, бүх шатны сургалтыг хөгжүүлэх:


4.1.1.1.Татварын албаны ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд дараах сургалтуудыг танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулна. 

Үүнд:

1. Чиглүүлэх сургалт;  

2. Мэргэшүүлэх сургалт; 

3. Удирдах албан тушаалтныг хөгжүүлэх сургалт; 

4. Албан тушаал сэлгэх, шилжих чиг үүргийн сургалт; 

5. Санхүү, татвар бүртгэлийн англи хэлний сургалт; 

6. Авлигаас урьдчилан сэргийлэх, ёс зүйн сургалт;

7. Байгууллагын соёлын сургалт; 

8. Харилцааны соёлын сургалт;


4.1.1.2. Татварын албаны ажилтан, албан хаагч ажлын аливаа  асуудлаар мэдлэг, мэдээллээ солилцох, багаар хамтран хэлэлцэх боломж нөхцөлөөр хангах, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. 

4.1.1.3. Татварын албаны хэмжээнд шинэ санаа, сайн туршлагыг санаачлан түгээн дэлгэрүүлж буй ажилтан, албан хаагч, хамт олон, нэгжийн туршлагыг бусдад түгээх, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн туршлага солилцох сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

4.1.1.4. Гадаадад сургалт, туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан ажилтан, албан хаагчийн сургалтаар олж авсан мэдлэг, мэдээллийг татварын албаны хэмжээнд түгээх, тайлагнах ажлыг зохион байгуулна.     

4.1.1.5. Татварын албаны ажилтан, албан хаагчийг аливаа шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, судалгаа, шинжилгээний ажил хийх боломж нөхцлийг бүрдүүлэх, дэвшүүлсэн санал, санаачлагуудыг дэмжинэ.

4.1.1.6. Татварын албаны ажилтан, албан хаагчийн ажлын чиг үүрэг, хувь хүний хөгжлийн талаар зөвлөх багш урьж зорилтот сургалт, семинар зохион байгуулна.


4.1.2. Татварын албаны хэмжээнд манлайлал,  заах арга зүйг хөгжүүлэх:


4.1.2.1. Сургалтын төвийн багш нарын насанд хүрэгчдэд сургалт явуулах арга барил, заах арга зүйг хөгжүүлж, багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамруулна.

4.1.2.2. Сургалтын төвийн багш нарыг тогтвортой ажиллуулах бодлого баримтлан, татварын эрх зүй, нягтлан бодох бүртгэл, мэргэжлийн ёс зүй, харилцааны соёл, байгууллагын соёлын чиглэлээр мэргэшүүлэн сургана.

4.1.2.3. Багш нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварын туршлага солилцох нээлттэй болон үзүүлэх сургалтыг тухай бүр зохион байгуулах, дадлага туршлагатай багш нарыг дагалдуулна.

4.1.2.4. Туршлага судлах, багшлах ур чадвар нэмэгдүүлэх үүднээс багш нарыг гадаад болон дотоодын сургалтанд оролцуулах бололцоогоор хангана.

4.1.2.5. Сургалтын арга барилыг уламжлалт арга буюу багш төвтэй сургалтаас шавь төвтэй сургалт руу шилжүүлнэ. 

4.1.2.6. Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран олимпиад, мэтгэлцээн тэмцээнийг хамтран зохион байгуулна. 

4.1.2.7. Сургалтын сэдэв, агуулгыг өргөн хүрээний судалгаа, мэдээлэл, эрэлтэд үндэслэн боловсруулна.

4.1.2.8. Сургалтын төвд тогтвор суурьшилтай 3-аас дээш жил ажилласан, ажиллах хугацаандаа идэвх санаачлагатай, шинэ бүтээл гарган, судалгаа шинжилгээний ажил хийж асуудал дэвшүүлэн ажилласан багшийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.


4.1.3. Татварын албаны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, идэвхжүүлэлтийн удирдлагыг хөгжүүлэх:


4.1.3.1. Ажилтан, албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, ажлын туршлагыг харгалзан мэдлэгт суурилсан зарчим баримтлан гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх, урамшуулах бодлогыг явуулж, санал оруулна.

4.1.3.2. Ажилтан, албан хаагч нар ажлын чиг үүрэгтээ манлайлан мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллахын зэрэгцээ шинэ санаа, арга барилд суралцах, шинээр сурсан зүйлээ бусдад мэдээлэх, хуваалцахад удирдлагын зүгээс идэвхжүүлэн, урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.


4.1.4. Татварын албаны сургалтын бааз суурийг өргөжүүлэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын төвийг хөгжүүлэх:


4.1.4.1. Цахим сургалтын програмыг шинэчлэх, хуулийн мэдлэг шалгах тестийн аппликейшн шинэчлэн гаргах, техник хангамжийг сайжруулна.

4.1.4.2.Татварын албаны цахим номын сангийн програмтай болж, хэрэглээнд нэвтрүүлж, санг баяжуулна.  

4.1.4.3.Татварын албаны танхимын болон цахим номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн гадаад, дотоодын сургалтын материал, судалгааны ажил, гарын авлага, ном товхимолоор баяжуулна. 


4.2. Хөтөлбөрийг Монголын татварын албаны хэмжээнд хэрэгжүүлнэ.

4.3. Хөтөлбөр нь 2017-2020 оны хооронд хэрэгжинэ.


Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга, хэрэгсэл 


Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслийг ашиглана: 

Тухайн сургалтыг зохион байгуулах талаар журам боловсруулах; 

Сургалтын төвийн анги танхим, сургалтын материаллаг бааз, техник тоног төхөөрөмжөөр хангах;

Цахим сургалтын системийг байнга хөгжүүлэх;

Хамтын ажиллагааг өргөжүүлэн төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан ажиллах.

 

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт


Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

Олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж болон төслийн санхүүжилт;

Бусад эх үүсвэр.


Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ


Хөтөлбөрийн хэрэгжилтэнд дараахь үзүүлэлтийг үндэслэн хяналт шинжилгээ хийнэ.

7.1. Хөтөлбөрийн тайлан, мэдээ гаргах 


7.1.1. Хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий газрын Төрийн Захиргааны удирдлагын газар, Сургалтын төвийн жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгана.

7.1.2. Хөтөлбөрт заасан ажлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газраас Татварын албаны зохион байгуулалтын бүтцийн нэгж болон харьяа нэгжүүдэд чиглэл өгч,  үр дүнг нэгтгэн, төлөвлөгөөний биелэлтийг хяналт шинжилгээ үнэлгээний журамд заасан хугацаанд гаргана.

 7.1.3. Татварын албаны сургалтын төрөл, хэлбэрийн тогтолцоо, сургалтын төвийн багш нарын заах арга зүйн чанар, үр дүнгийн талаар сургалтад хамрагдсан ажилтан, албан хаагчаас санал асуулга авах ажлыг цахимаар зохион байгуулж Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар хагас, бүтэн жилд үр дүнг тооцон ажиллана.

7.1.4. Татварын албаны ажилтан, албан хаагчийн гадаад, дотоод сургалтанд хамрагдсадын судалгааг Сургалтын төв, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар улирал бүр гаргаж нэгтгэлийг хийнэ.

7.1.5. Ажилтан, албан хаагчийн мэдлэг, ур чадварын үнэлгээний судалгааг жил бүр гаргана.


7.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээг  Татварын ерөнхий газрын Дотоод аудитын газар гүйцэтгэнэ.