Татварын улсын ахлах байцаагч нар “Багаар ажиллах чадвар ба Манлайлал” сэдэвт сургалтад хамрагдлаа


Монгол Улсын Татварын албаны  2018 оны “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанар, хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилт, “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Татварын албадын албан хаагчдыг чиглүүлэх, татварын улсын байцаагчдыг мэргэшүүлэх, дунд шатны менежер буюу татварын улсын ахлах байцаагчдыг хөгжүүлэх сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр Татварын ерөнхий газрын Сургалтын төвөөс зохион байгууллаа.


Хөгжүүлэх сургалтыг татварын албадын дунд шатны менежер буюу татварын улсын ахлах байцаагчдад хоёр чиглэлээр явуулсан бөгөөд Улаанбаатар хотод танхимын, орон нутагт цахим сургалтын системээр зохион байгуулан явуулсан юм. Танхимын сургалтад 93, цахим сургалтад 97 татварын улсын ахлах байцаагч хамрагдлаа.


Сургалтыг Шихихутуг их сургуулийн багш, докторант,  хуульч, лектор Ц.Амарсанаа удирдаж, байгууллагын ажилчдын урам зориг, эрч хүчтэй ажиллах сэдлийг төрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн чадамж, сэтгэл ханамж, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх, багаар ажиллах ба баг удирдах ур чадвар, цаг төлөвлөлт, зөрчлийн менежмент зэрэг сэдвүүдээр явууллаа.


Мөн ирэх сарын хоёр дахь долоо хоногт болох “Татвар төлөгчдийн өдрүүд-ээр Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Их  дээд сургуулийн оюутнуудад явуулах сургалтыг ямар арга, зарчим, загварыг ашиглан  хийх талаар сургагч багш /Татварын улсын ахлах байцаагч/, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимын доктор, профессор Ж.Даваа арга зүйн зөвлөгөө өглөө. 


Дашрамд дурьдахад, ТЕГ-ын Сургалтын төв энэ дөрөвдүгээр сард Булган, Өвөрхангай, Дархан, Архангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдад мэргэшүүлэх сургалт, татварын албаны хураагч нарт чиглүүлэх сургалтыг цахим хэлбэрээр тус тус зохион байгуулан явуулж байна.