“ШИНЭ САНАА, САЙН ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ НТГ-ЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Татварын ерөнхий газрын дэвшүүлсэн зорилт, “Сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор УТОХГ, НТГ, дүүргүүдийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, тасгийн Татварын улсын /ахлах/ байцаагч нарын дунд “Шинэ санаа, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг ТЕГ-ын Сургалтын төвөөс зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн зорилго нь Татварын албаны үйл ажиллагааг боловсронгуй болгох, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын стандарттай нийцүүлэх, энгийн хялбар болгох, татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх, татварын эрх зүйн болон арга зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүтээлч шинэ санаа, ажлын туршлагыг олж нэвтрүүлэхэд оршиж байгаа билээ.

Хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, УТОХГ, НТГ, дүүргүүдийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах нэгжийн 109 Татварын улсын /ахлах/ байцаагчид баг болон хуваагдаж, 51 илтгэл бэлтгэн оролцсон байна. Үүнээс хоёрдугаар шатанд 14 багийн 29 Татварын улсын /ахлах/ байцаагч нар шалгарчээ.

Хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр ТЕГ-ын Сургалтын төвийн танхимд болсон бөгөөд тус төвийн дарга Б.Бадамцэцэг нээж, хэлэлцүүлгийн хоёрдугаар шатанд шалгарсан албан хаагчдад амжилт хүслээ. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг Сургалтын төвийн ТУБ Ц.Цэндсүрэн удирдан явуулсан бөгөөд шүүгчээр Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Татварын удирдлагын нэгдсэн системийн зөвлөх Д.Тунгалаг, Төрийн захиргааны удирдлагын газрын ТУАБ П.Ундармаа, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын ТУАБ Б.Ундрах нар ажиллалаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, тасгийн үндсэн дөрвөн чиг үүрэг буюу татвар төлөгчийн бүртгэл, татварын тайлан хүлээн авалт, ногдуулалтын хяналт, татварын үйлчилгээ гэсэн багц сэдвийн хүрээнд бэлтгэсэн илтгэлээ хэлэлцүүллээ.

Шүүгчдийн үнэлгээгээр 92 оноогоор НТГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн ТУБ Б.Цогтбаатар, Х.Анхбаяр нарын бэлтгэсэн “Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах арга зам” сэдэвт илтгэл тэргүүн байрт, 88 оноогоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУБ Г.Бямбахүү, Д.Цэцэнхүү нарын бэлтгэсэн “Сургалт, сурталчилгаа, үйлчилгээг сайжруулах” сэдэвт илтгэл удаах байрт шалгарлаа. Харин гутгаар байрт 87 оноотой хоёр баг тэнцсэн бөгөөд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУАБ Г.Алтанзагас, ТУБ Ш.Энхжаргал нарын бэлтгэсэн “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах”, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУБ Б.Мөнгөнчимэг, Б.Ариунзул нарын бэлтгэсэн “НӨАТ-ын тайлангийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, бусад системүүдтэй уялдуулах” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

ТЕГ-ын Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг богино хугацаанд бэлтгэлээ сайн хангаж, илтгэлээ хэлэлцүүлэн тэргүүлсэн байцаагч нарт баяр хүргээд, цаашдаа бусад нэгжүүдийн Татварын улсын /ахлах/ байцаагч нарын дунд энэхүү хэлэлцүүлгийг явуулж уламжлал болгоно гэдгээ онцолсон юм.

Дашрамд дурьдахад, хэлэлцүүлгээс шалгарсан Татварын улсын /ахлах/ байцаагчдын шинэ санаа, сайн туршлагыг Татварын албанд түгээн дэлгэрүүлэхээс гадна үр дүнтэй санал гаргасан албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, ажлын туршлагыг харгалзан гадаад, дотоодын мэргэшүүлэх сургалтад хамруулах, албан тушаал дэвшүүлэх, мэргэшүүлэх сургалтын шалгалтаас чөлөөлөх зэргээр урамшуулах юм байна.

    1 дүгээр байр:   НТГ-ын ТТХХ-ийн ТУБ Б.Цогтбаатар, Х.Анхбаяр нарын “Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулах арга зам” илтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

   2 дугаар байр: БЗД-ийн Татварын хэлтсийн ТУБ Д.Цэцэнхүү, Г.Бямбахүү нарын “Сургалт сурталчилгаанд маркетинг хэрэгжүүлэх нь”  илтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

    3 дугаар байр: БЗД-ийн Татварын хэлтсийн ТУБ Б.Мөнгөнчимэг, Б.Ариунзул нарын “НӨАТ-ын тайлангийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох бусад системүүдтэй уялдуулах нь” илтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

   3 дугаар байр: БГД-ийн Татварын хэлтсийн ТУАБ Г.Алтанзагас, ТУБ Ш.Энхжаргал нарын Үл хөдлөх хөрөнгийн албан татварын бүртгэл, тайлагнал, ногдуулалт, хяналтыг боловсронгуй болгох нь” илтгэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү